Дин ДеБлуа найруулагчийн бүтээлүүдэд (анимейшинд) гадуурхагдсан, бусдаас өөр, төгс бус дүрүүдийн дотоод тэмцэл, тэдний нөхөрлөлийн тухай сэдвүүд хөндөгдөх нь элбэг. Араатны хаан Арслан (The Lion King), Мулан (Mulan), Лило Стич (Lilo & Stitch) гэх кинонууд нь бүгд гол дүрүүдийг амьдралын янз бүрийн нөхцөл байдалд дүрслэн харуулж, тэдний сэтгэлзүй болоод өөрийгөө олж буй дотоод ертөнцийг үзэгчдэд ойртуулсан байдаг.
Мулан кинонд нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэж, гэр бүл, эх орныхоо төлөө тэмцэж буй хүчирхэг дайчин охиныг, Лило Стич кинонд хагацал үзэж, ганцаардсан бяцхан охин болон харийн хачин жигтэй амьтан хоёрын хайр халамж, гэр бүлийн үнэ цэнийг харуулсан бол, Араатны Хаан кинонд өөрийнхөө алдаа дутагдалтай нүүр тулж, хариуцлага үүрч буй залуу арслангийн өсөлтийг үзүүлдэг. Эдгээр бүтээлүүд нь бүгд л баатрууд аль хэдийнэ өөрийн гэсэн ертөнцдөө сорилттой тулгарч, түүнийгээ даван туулж буй дүрүүдийг өгүүлдэг.
Киноны үйл явдлаас товчхон дурдвал: Олон зууны турш үргэлжилсэн луу болон хүмүүсийн өшөө авалт, үл ойлголцол дунд хүн болон байгаль дэлхий хэрхэн зохицон амьдарч болохыг хүүрнэдэг. Кинонд Берк арлын Викингүүд болон тэдний мал сүргийг тасралтгүй дээрэмдэх луунуудын хоорондох цуст тэмцлийг харуулснаар үйл явдал эхэлдэг. Арлын оршин суугчдын хувьд луу бол устгах, харин лууг алж чадсан нь жинхэнэ баатарт тооцогддог хуультай.
Берк тосгоны ахлагчийн хүү атлаа бие бялдар сул, зэвсгийн эрдэмгүй Хиккап хүү өөрийн бүтээсэн механик төхөөрөмжийн тусламжтайгаар луунуудаас хамгийн аюултай, нууцлаг болох "Шөнийн уур хилэнг" (Night Fury) азаар шархдуулж унагаасаар нь киноны гол зангилаа эхэлнэ. Тэрээр өөрийгөө баатар гэдгээ батлахын тулд луугийн зүрхийг нь сугалах ёстой байсан ч шархадсан лууны нүднээс өөрийнхөө адил ганцаардал, айдсыг олж харснаар түүнийг сулладаг. Энэ хэсэг нь киноны хамгийн том эргэлтийн цэг юм. Дайснаа үзэн ядах биш, түүнийг ойлгож шинэ өнцгийг гаргаж ирдэг.
Улмаар Хиккап хүү далавч нь гэмтсэн луунд "Шүдгүй" гэж нэр өгөн, далавч хийж өгснөөр тэдний нууцхан нөхөрлөл эхэлдэг. Тэрээр Шүдгүйтэй хамт байхдаа луунууд дайсан биш, хайр халамж хүсдэг, тэжээвэр амьтад болохыг таньдаг. Энэ нууц удаан үргэлжилсэнгүй, арлынхан Шүдгүйг олзолж, тэднийг удирдаж, буруу замд оруулдаг аварга лууг илэрүүлэн устгахаар шүдгүйн мэдрэмжийг ашиглан авч явдаг.
Доглон банхар ба Бидний мэдэх Берк тосгон
Бидний багад зуслан дээр, найз нөхдөөрөө тоглож, ногоо тарьж, худгаас ус зөөж, аз жаргалтай өнгөрдөг байв. Тэрхүү ертөнц сагсан бөмбөгийн шороон талбайд эцэг эхийн хараа хяналтгүй хүүхэд насаа өнгөрүүлж байлаа. Викингүүдийн хувьд луу алах нь баатарт тооцогдох шалгуур байдаг шиг, манай зусланд сагсны талбай дээр тоглож чадах нь хүчтэйд тооцогдож байв. Тэр дунд бие жижиг, сул дорой, шоовдор болж явдаг нэгэн хүү байсан юм. Түүний хэлсэн болгон нь утгагүй мэт санагдаж, үеийнхэн нь түүнийг сагсны талбайд ойртуулахгүй. Тэр ч байтугай гэртээ аавтайгаа ойлголцож чаддаггүй, "чи л болдоггүй" гэх зэмлэл дунд өсөх нь Хиккап амьдралтай адилхан. Аав нь түүнийг худгаас ус авхуулахаар явуулдаг байсан нь худгийг хүн болгон руу архирч, хэнийг ч ойртуулдаггүй 'Хэн бэ' нэртэй доглон банхар манаж хэвтдэг байв. Хүү бусдын адил нохойноос айж зугтсангүй, харин гэрээсээ талхны булан нууж авчран өгч, алхам алхмаар, бага багаар уур хилэнтэй тэр амьтныг өөртөө дасгаж эхлэв. Энэ үеэс хүү сагсны талбайн гадуурхалтаас зугтах биш, харин худгаас ус авах тэрхүү үйл явцдаа дуртай болж хувирсан юм. Энд уран сайхны метафор өрнөдөг. Бусдын дайсан гэж харсан амьтныг хайраар номхруулж, түүгээр дамжуулан өөрийнхөө үнэ цэнийг олж буй хүүгийн түүх Берк тосгоныг өөрчилсөн Хиккап түүхийн жинхэнэ амьдрал дээрх тусгал байлаа. Берк тосгон бол асуудлыг дандаа уур хилэн, хүч чадлаар шийдэх гэж үздэг, зарим талаараа Монголчуудын хэнэггүй, гөжүүд зантай төстэй дүр төрх юм. Уг амьдрал тус бүтээл шиг хүнд сэдэв, дүрүүдийн зөрчилийг үзэгчдэд хөгжилтэй, комеди хэв маягаар хөнгөн өрнөдөг.
Киноны хийц болон хөгжим
Луугаа хэрхэн сургах вэ бүтээлийн амжилтын нууц нь дуу хөгжмийн хосгүй хийцэд оршдог. Бодит амьдрал дээр хүмүүс бид муур уу, нохой юу гэж талцан тэжээдэг бол, найруулагч Дин ДеБлуа энэхүү хоёр өөр амьтны зан араншин, өнгө төрхийг нэгтгэн, дээр нь шонхор шувууний нисэх чадварыг нэмж өгсөн юм. Нохойн үнэнч, тууштай занг муурны бие даасан, уян хатан, эрхэмсэг хөдөлгөөнтэй хослуулсан юм. Английн хөгжмийн зохиолч Жон Паулын (John Powell) бүтээсэн хөгжим киноны дүрсгүйгээр сонсоход л тухайн орчныг нүдэнд харагдтал төсөөлөх боломжийг олгодог. Энэхүү симфони бүтээл нь дэлгэцийн бүтээлээс илүүтэйгээр, тайзны луут бүжгийн жүжиг мэт болгодог. Үүний үр дүнд киноны дараа дараагийн тайзны тоглолтууд ар араасаа төрөн гарч, хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүйд эергээр нөлөөлөх олон арга хэмжээнүүд өрнөх суурь болжээ. Өнгөц харахад энэ нь киноны ашиг орлогыг нэмэгдүүлэх маркетинг мэт боловч, угтаа киног урлагийн дараагийн түвшинд буюу тайзны бүтээл болгон хувиргасан соёлын том нөлөөлөл байлаа.
Уг бүтээлд соёлын хувьд сонирхолтой нэгэн шилжилт ажиглагддаг. Дорно дахинд лууг үлгэр домог, шашны шинжтэй, сүрдэм, бурханлаг байдлаар дүрсэлдэг. Харин уг кинонд лууны дүрийн дизайныг Викингүүдийн буюу орчин үеийн Скандинав (Nordic minimalism) хийцээр, хөгжилтэй төрх, өвөрмөц хээ угалз, тод өнгөтэйгөөр бүтээсэн нь лууг илэрхийлэх огт өөр өнцгийг барууны төдийгүй дэлхий нийтийн хүүхэд багачуудад таниулсан юм.
Бүтээлийн төгсгөл
Беркүүд бас ахлагч Хэккапын аав Шүдгүйг усан онгоц дээр хүлж, яг л Хиккап хүүгийн өөрийгөө батлах боломжийг хаадаг шиг лууны далавчийг багласан байлаа. Харин хүү айдастайгаа нүүр тулан, эцсийн хүчээр өөрийн лууг чөлөөлж, түүнтэй хамт тэнгэрт дүүлэн аварга лууг дарж чаддаг. Нөгөө талд шүдгүй ч бас том лууны эрхшээлд Хиккап шиг чадвараа илэрхийлэх боломжгүй зөвхөн хоол зөөдөг болж таардаг.
Aав: Би чамайг хамгаалах гэж л оролддог байв. (I was only trying to protect you)
Хүү нь: Ааваа бидний хийх ёстой л зүйл. (We’re Vikings It’s an occupational hazard)
Аав нь хүүгээ өөр шигээ хүчирхэг дайчин болгох гэсэндээ хамгийн аюултай бөгөөд хүнд даалгавар руу түлхдэг. Хиккап луугаа унаж, аварга лууг дарж чадсан ч эцэст нь Шүдгүйтэйгээ адилхан тахир дутуу болж хоцорно. Энд л эцэг хүний хамгийн том эмгэнэл оршиж байна. Хүүгээ өөрийнхөө хэмжүүрээр "төгс Викинг" болгох гэж зүтгэсэн эцгийн амбиц, эцэст нь хүүгээ өөрөөсөө шал өөр, тахир дутуу нэгэн болгоно.
“ Эцэг хүүгийн бүтэлгүй ойлголцол дэлхий ертөнцийг
өөрчлөх буйзаа. “
Соёл урлагийн их сургуулийн Кино телевиз медиа урлагийн сургууль,
Медиа анимейшн тэнхим, Улаанбаатар, Монгол улс
И-мэйл: mandakh@mnuac.edu.mn Утас: 99743322






Follow me
A healthy social life is found only when, in the mirror of each soul, the whole community finds its reflection, and when, in the whole community, the virtue of each one is living.